2018-09-17
Би хэн бэ?

Дэлхий дээр зургаан тэр бум хүмүүн уйлж, инээж, уншиж, бичиж, дуулж, бүжиглэж, бодож, сэтгэж, алдаж, онож… амьдарсаар. Энэ олны дундаас өөрийгөө бас бусдыг мэдрэн амьдрана гэдэг сонирхолтой бөгөөд их авъяас шаардсан хэрэг бололтой. Би, оршин байна гэдэг юутай аз вэ? Хэнээс ч, юунаас ч хараат бус сэтгэж чадаж байгаа нь хэний өгсөн, эсвэл хаанаас ирсэн шагнал вэ? Юу дуртайгаа бодож, мөрөөдөж чадна гэдэг хязгааргүй сайхан. Гэхдээ энэ их бодол, оршин байхын үндэс, мөрөөдөл зэргээр бахархаад амьдардаг шунхан улаан нас минь хязгаартай нь даанч харамсалтай. Хөхрөх тэнгист хөвж яваа мөрөөдөгч хөлөг  хэзээ эрэгт тулах вэ? Урсгал дагаж гэлдэрсээр эзгүй аралд хүрэх үү?Уудмын холыг чиглэн мөрөөдлийн эрэгтээ хүрэх үү? Энэ нь хөлгийг жолоодогч ахмадын нь л мэдэх хэрэг. Сайхан бүхэнд хүрэхэд яагаад заавал удаан бөгөөд тэвчээр шаардагддаг юм бол оо. Сайхан хэмээгч нь бас юу вэ? Би ингээд л хорвоотой дөнгөж танилцаж буй балчир хүүхдээс илүүтэй асуух зүйл, өөртэйгээ хөөрөлдөх сэдэв гарч ирээд байдагт гайхаж, уудам гэдэг нь хэмжээлэшгүй орчлонг биширдэг. Амьд эс бүр л хөгжлийн өөр өөрийн гэсэн түвшинтэй. Хүмүүний хөгжил харин альхан түвшинд нь явна вэ? Хүн төрөлхтний амьдрал ганцхан товчлууранд захирагдах хэмжээнд, их хязгаар үзэгдэлийн /1028 см/ зайг харж судлах хэмжээнд, ингүүмэл /1017сек/ эгшинд шинжилгээ хийх түвшинд, араатан амьтанд хүмүүний зүрхийг суулгах нь холгүй түвшинд байна шүү дээ! Гэтэл хүн гэгчид энэ их хөгжил хэрэгтэй гэж үү? Алдхан биендээ буй сэтгэлээ харж чаддаг бил үү бид? Нийгэмд оршин байхдаа гэмгүй нэгнийг гомдоохооргүй амьдарч чаддагсан бил үү? Өөрийгөө хэн гэдгээ гүйцэт судалж чадсан болов уу? Чухам би бас та хэн бэ? Хорвоогоос би өөрийгөө хайлаа: Хувь заяатай юмаа хүн болж төрчихөөд дэлхий дээр амьдарч байх юм. Дэлхийгээс нэхэн хайлаа: Суу билэгт баатрын нутагт Сувд нэртэйгээр мэндэлсэн байх юм. Нийгмээс би өөрийгөө хайлаа: Нилээн будилж байж оллоо багш байх юм. Цааш би үргэлжлүүлэн өөрийгөө өөрөөсөө хайлаа: Гэвч үүн дотроос энгийн би байтугай эрдэмтэн мэргэд хүртэл өөрийгөө ололгүй төөрсөн байх юм…? Яг үнэндээ би хэн гэдгээ мэдэхээсээ айдаг. Хоосон хээнцэрлэгч, худалаа томрогч, хэнэггүй нэгэн байж гэмээнэ яах билээ. Мэдсэн, мэддэгээ тунгаан үзэхэд гарцаагүй эрэмдэг нэгэн болж таараад байдаг. Уужим сэтгэгчдийн бичсэн, ярьсан бүхэн гэгээтэй хэрнээ хатуу бас хол санагддаг. Би заавал тэдний замаар явах ёстой юу? Надад өөрийн гэсэн амьдралын зам байхгүй гэж үү? Үгүй дээ! Надад зорилго, тэмүүлэл, мөрөөдөл хамгийн гол нь гэрэлт сайхан ирээдүй байна. Хатууг давж холыг зорих тусам л би өөрийгөө олохоос, мэдрэхээс айхаа больно. Өөрийгөө ололгүй бусдыг мэдэрч, нийгэмтэй харилцаж амьдрана гэдэг сэлүүргүй завь л гэсэн үг. Бодоод байхад би ер нь юу ч мэдэхгүйгээ л хамгийн сайн мэдэж байна даа.

Амьдралаас юунд ихийг хүсээ вэ

Аз жаргал ойрхон л байж дээ

Тэгтлээ их хайсан жаргалынхаа

Тэвэрт нь би өөрөө ямар их төөрөө вэ?   Ля ля ля   амьдрал үргэлжилсээр л…

Бичсэн: Khuslen | цаг: 22:50 |
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax